Бидний амьдралын хэв маяг, идэж уух, өмсч зүүх нь элбэг болох тусам түүнээс улбаалан гарах сөрөг нөлөөнүүд их болсон. Өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд буй бүх зүйл харшил үүсгэгч болсон байдаг.
Харшил нь олон янзын эх сурвалжтай байдаг тул яг юунаас болж байгааг мэргэжлийн эмчид хандан үзүүлж, сорил тавиулснаар зохих эмчилгээ хийлгэж урьдчилан сэргийлж чадвал бид харшилтай тэмцэж чадна.
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодын дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг хэлнэ. Сүүлийн жилүүдэд харшлын талаарх тоо баримтууд сэтгэл өвтгөм болсныг дэлхий долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлснээр илтгэж болно. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын өвчтэй, 8-10% нь гуурсан хоолойн багтраа, 10-20% нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24%-30% хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон.
Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгч дараах зүйлээс үүсдэг.
- Бүх төрлийн ургамал
- Химийн /будаг/ болон эмийн бодис
- Зарим нэг угаалга цэвэрлэгээний бүтээгдэхүүн
- Хүнс, хоол тэжээл
- Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/
- Хөгц
- Шавьж
- Амьтны үс, ноос
- Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
- Нарны хэт ягаан туяа
- Агаарын бохирдол
- Хөрсний элэгдэл
- Агаарын хүйтэн хэм зэрэг болно.
Хэрхэн сэргийлэх вэ?
Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодын дархлааг хэвийн байлган, дэмжиж өгөх хэрэгтэй. Тайван сайхан амрахад хүнд нойр маш чухал учир сайн унтаж амрах нь юу юунаас илүү үйлдэл юм. Мөн харшил үүсгэгчгүй угаалга, цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглээрэй.